Унгар Улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан, эрхэлж байгаа Монгол улсын иргэдийн тэтгэвэрийн даатгал, тэтгэвэр тогтоолгох асуудал.

Монгол улс болон Унгар Улсын хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус улсын Будапешт хотноо үйлдэж улмаар хоёр тал соёрхон баталснаар 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн. Эртнээс найрсаг харилцаатай хоёр улсын иргэд харилцан ажил хөдөлмөр эрхэлж ирсэн бөгөөд манай улсын иргэдийн хувьд Бүгд Найрамдах Унгар Улсад оёдол, сүлжмэл үйлдвэрийн салбарт өнөөг хүртэл зонхилон ажилласаар байна. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хоёр байгууллага болох Монгол улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний тэтгэврийн даатгалын ерөнхий газрын ажлын уулзалт 2012 оны 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Будапешт хотноо болж зарим ойлголтыг нэгтгэн, ашиглах маягтыг шинэчилж, энэ тухай санамж бичиг үйлдсэн.

А. Хэлэлцээрийн гол агуулга: Даатгуулагч Монгол улс болон Бүгд Найрамдах Унгар Улсад шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцож байж аль нэг талын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох бол энэ асуудлыг хариуцсан хоёр улсын байгууллагад өргөдөл гарган хугацаагаа нэгтгэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох боломжтой. Хэрвээ даатгуулагч Монгол улсад тэтгэвэр тогтоолгох бол Монгол улсын хууль тогтоомжийн дагуу, Бүгд Найрамдах Унгар Улсад тэтгэвэр тогтоолгох бол Бүгд Найрамдах Унгар Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллана. Жишээ нь: - Монгол Улсын Иргэн “Г” Монгол улсын нийгмийн даатгалд 12 жил шимтгэл төлсөн, Бүгд Найрамдах Унгар Улсад 14 жил ажиллаж, амьдрахдаа Бүгд Найрамдах Унгар Улсын тэтгэврийн даатгалд мөн хамрагдсан гэж үзье.

Хэлэлцээр хэрэгжээгүй цаг үед: - Иргэн “Г” нь Монгол Улсын хуулийн дагуу 60 буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ч, өндөр насны тэтгэвэр авахад шимтгэл төлсөн байвал зохих хугацааны доод хязгаар 20 жилийг хангаагүй учир 11 жилдээ ногдох бүрэн бус хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Хэрэв “Г”-ийн Монгол Улсад шимтгэл төлсөн хугацаа 10 жилээс доош байвал нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй.

Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр: - Иргэн “Г” нь Бүгд Найрамдах Унгар Улс болон Монгол Улсад шимтгэл төлсөн жилээ нэгтгэн нийт 26 болгон тооцуулж, хоёр орноос тэтгэвэр тогтоолгон авах эрх үүснэ.

1/ Иргэн “Г” нь тэтгэврийн нас болон шимтгэл төлсөн хугацааны аль алины хувьд Монгол Улсын хуульд заасан шаардлагыг хангаж буй учир өргөдлөө гаргаж Монгол Улсад өндөр насны тэтгэврээ эхлээд тогтоолгоно. Монгол улсын Нийгмийн даатгалын байгууллага “Г” -ийн 26 жил шимтгэл төлсөн хугацаанд авах тэтгэврийг Монгол Улсад авч байсан цалин хөлснөөс нь бодож, түүнээсээ 11 жилд ногдох хэсгийг монголын тэтгэврийн даатгалын сангаас сар бүр олгоно. Ингэхдээ иргэн “Г” нь нэрийн дансанд хамрагдах насных (1960 оноос хойш төрсөн) бол тэтгэврийг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу бодно.

2/ Бүгд Найрамдах Унгар Улсын хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нас 62, шимтгэл төлбөл зохих хугацааны доод хязгаар 20 жил учир “Г” нь насны хувьд тус улсын хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймээс иргэн “Г” нь 2 жилийн дараа буюу 62 насанд хүрмэгцээ Бүгд Найрамдах Унгар Улсын талд өргөдөл гаргаснаар Унгар улсын талаас 26 жил шимтгэл төлсөн хугацаанд авах тэтгэврийг тус улсад авч байсан цалин хөлснөөс нь бодож, түүнээсээ тус улсад шимтгэл төлсөн 14 жилд ногдох тэтгэврийг Унгар улсын тэтгэврийн сангаас “Г”-д сар бүр шилжүүлэн олгоно. Иргэн “Г” нь 62 нас хүртэл хүлээх хугацаандаа Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас 11 жилд ногдох тэтгэврээ авч байх юм.

Б. Даатгуулагч хаана хандах вэ? Хэрвээ даатгуулагч Монгол улсад тэтгэвэр тогтоолгох бол дараах хаягаар хандана уу: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар 211238 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Бага тойруу 13/1 Утас/Факс: 1289, 328030 / 321162 И-мэйл хаяг: undeg@ndaatgal.mn Хэрвээ даатгуулагч Бүгд Найрамдах Унгар Улсад тэтгэвэр тогтоолгох бол дараах хаягаар хандана уу: Central administration of national pension insurance Pension payment directorate 1081 Budapest, flumei ut 19/a Phone: (+36)1 323 6816 Fax: (+36)1 323 6108

В. Даатгуулагч ямар материал бүрдүүлэх вэ? Монгол улс болон Бүгд Найрамдах Унгар Улсын мэргэжлийн дээрх хоёр байгууллагад хандахдаа та өөрт байгаа аливаа бүх материалаа авч ирнэ үү. Жишээ нь: Бүгд Найрамдах Унгар Улсад хууль ёсны дагуу хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд олгодог APEH карт гэх мэт.

Г. Ямар төрлийн тэтгэвэр энэ хэлэлцээрт хамаарах вэ? Дараах төрлийн тэтгэврийг Монгол улс болон Бүгд Найрамдах Унгар Улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. • Өндөр насны тэтгэвэр, • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Д. Даатгуулагчийн өргөдлийн дагуу хоёр тал юу хийх вэ? • Даатгуулагчийн өргөдөл, бүрдүүлсэн баримтанд үндэслэн хэлэлцээрийн дагуу баталсан тусгай маягтыг бөглөн нөгөө талд илгээнэ. • Мэдээлэл бүхий маягтыг хүлээн авч өөрийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан жилийг тулган шалгана. • Маягтын дагуу мэдээлэл бэлтгэн нөгөө талд илгээнэ. • Мэдээллийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр тогтоох эсэхийг шийдвэрлэнэ.

Утас/Факс: 7777-1289, 328030 / 321162 И-мэйл хаяг: undeg@ndaatgal.mn , info@ndaatgal.mn