Худалдаа, эдийн засгийн харилцаа

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа 1961-1990 онд таван жилийн хэлэлцээрийн үндсэн дээр урт хугацааны зохицуулалтаар түүхий эд, өргөн хэрэгцээний бараа солилцох замаар хэрэгжиж байв. Унгарын тал манай улсад 1956-1990 онд 41,3 сая шилжих рублийн урт хугацааны зээл олгож, Сонгино дахь Биокомбинат, Дарханы махкомбинат, Архангайн хүрмэн гулдмайн үйлдвэр, Улаанбаатарын ан олдворын үйлдвэр, Хонхорын эмийн ургамлын станцыг тус тус барьж байгуулах, Хархорины гурилын үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, 375 өрөмдмөл худаг гаргах, малын халдварт өвчинтэй тэмцэх зэрэгт зарцуулсан.

Хоёр тал “Зээлийг төлөх тухай”, “Худалдаа, төлбөрийн тухай” хэлэлцээрүүдийг 1994 онд тус тус байгуулж, 1997 онд зээлийн өрийн асуудлыг шийдвэрлэж, эцэслэн барагдуулсан.

1964-1990 онд унгарын талаас Монголд 23,3 сая шилжих рублийн буцалтгүй тусламж олгосныг бэлчээр усжуулах, радио, электроник, шатах тослох материал авах, генетикийн лабораторыг шинэчлэх, хүнсний их дэлгүүр барих, Олон улсын  геологийн экспедицид оролцох, геологийн тоног төхөөрөмж нийлүүлэх, оёдлын үйлдвэр барих, оёдолчид, гүний өрмийн мэргэжилтэн бэлтгэх, эмнэлгийн багаж, төхөөрөмж нийлүүлэх зэрэгт зарцуулсан.

1990 оноос хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь чөлөөт зах зээлийн зарчмаар явагдаж байна. Нэгэн үе зогсонги байдалд орсон хэдий ч сүүлийн жилүүдэд сэргэн идэвхжих хандлагатай байна.

2001-2015 онд хийсэн гадаад худалдааны
бараа гүйлгээний үзүүлэлт  /мян.ам.доллар/

 Он

Нийт бараа гүйлгээ

Экпорт

Импорт

2001

1422,5

-

1422,5

2002

1513,4

-

1513,4

2003

3829,7

12,6

3817,1

2004

7265,1

42,8

7222,3

2005

3373,0

9,6

3363,4

2006

4280,9

124,9

4156,0

2007

3955,8

21,8

3934,5

2008

5563,7

32,1

5531,6

2009

3153,1

25,2

3127,9

2010

5170,0

64,2

4530,0

2011

6988,1

54,2

6933.9

2012

7955,2

12,2

7943,0

2013

7628,7

0

7628,7

2014

265,9

187,4

78,5

2015

21274,1

11794,1

9480

 

2015 онд манай улс Унгарт экспортолсон бараанд өнгө засал хийсэн үслэг арьс ба Унгараас импортолсон бараанд хатуу чихэр, нефтийн бүтээгдэхүүн, угаалгын бодис, угаалгын нунтаг, Боодлын хуванцар хайрцаг сав, хуванцар цонх, шинэ дугуй, савхин түрийтэй гутал, лист төмөр, дотоод шаталтын дөлт бүлүүрэн хөдөлгүүр, шингэн зүйлсийн хэмжүүртэй буюу хэмжүүргүй насос, агаар сорох насос, вакуумын насос, салхилуур, өрөөний агаар тохируулах төхөөрөмж, хөргөх, хөлдөөх цахилгаан буюу цахилгаан биш төхөөрөмжүүд, хатаагч шингэн буюу хийг шүүх цэвэрлэх төхөөрөмж, өргөгч, ачигч, буулгагч зэрэг машин механизмд зориулалттай эд анги, эксковаторын эд анги, үр тариа, ногоо хураах, цайруулах, жимс цэвэрлэх, өвс, сүрэл боогч машин, түүний эд анги, хуулах, зорох, зүлгэх зэрэг үйлдэл хийх машин, чулуу, керамик, бетон зэрэг материалыг боловсруулах суурь машин, металл боловсруулах огтлох зорох зэрэг, суурь машин, дарханы төхөөрөмжийн эд анги, мэдээлэл боловсруулалтын автомат машинууд ба тэдгээрийн бүрдэл хэсэг, шугаман хоолой, уурын тогоо, бусад савны кран, клапан тоноглол, машин тоног төхөөрөмжийн зориулалттай цахилгаан хэрэгслийн эд анги, цахилгаан хөдөлгүүр, цахилгаан үүсгүүр, трансформатор, цахилгааны тогтонги үүсгүүр, шоколад ба какао агуулсан бусад хүнсний зүйлс, тун хэлбэрт савлагдсан эмүүд, конторын бусад төхөөрөмж, радио телефон, телеграф, радио өргөн нэвтрүүлэг, телевизийн дамжуулах төхөөрөмж, телевизийн камерууд, ариун цэврийн хэрэглэл, чивх, нярайн чивх болон янз бүрийн материалаар хийсэн, эдгээртэй төстэй зүйлс болон бусад бараа орсон байна.

Хоёр тал хамтран 2004-2015 онд Будапештэд 11 удаа, 2005, 2007, 2014, 2015 онд Улаанбаатарт Бизнесийн төлөөлөгчдийн уулзалт тус тус зохион байгуулсан.

Унгар Улсаас 1990-2015 онд 230 сая ам.долларын хөрөнгө оруулалттай дагнасан буюу хамтарсан 25 компани (1990-2004 онд 7, 2005 онд 1, 2006 онд 5, 2007 онд 3, 2009 онд 3, 2010 онд 4, 2012 онд 2 компани) хөдөө аж ахуй, газар тариалан, худалдаа, нийтийн хоол, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мебель, модон эдлэл, инженерийн барилга байгууламж, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын чиглэлээр Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Унгар Улс хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 112 орноос 46 дугаарт, бүртгүүлсэн компаныхаа тоогоор 106 орноос 29 дүгээрт тус тус бичигдсэнээс үзэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай байна.

            2006 оноос Улаанбаатар хотод Унгарын компани “Унгар-Монголын эдийн засаг, худалдаа мэдээллийн төв”, 2005 оноос Монголын хөрөнгө оруулалттай Consulting ХХК Будапештэд Монголын худалдаа, мэдээллийн төвийн үйл ажиллагаа явуулж байснаа эдийн засгийн шалтгааны улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Унгарын тал Улаанбаатар хотноо худалдаа, эдийн эдийн засгийн харилцааг дэмжих “Унгарын худалдааны ордон”-г 2014 оны 12 дугаар сард нээсэн байна.

Монгол, Унгарын эдийн засгийн хамтын ажиллагааг зохицуулан хөгжүүлэхэд 1966 онд байгуулагдсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг гүйцэтгэж, 1988 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 1989-1994 онд зогсонги байдалд орсон. Энэхүү Комиссыг шинэ нөхцөл, шаардлагад нийцүүлэн 1994 онд шинэчлэн зохион байгуулж, анхны хуралдааныг нь 1995 онд Будапешт хотноо, II хуралдааныг 1997 онд Улаанбаатар хотноо, III хуралдааныг 1998 онд Будапешт хотноо тус тус хийсэн. Унгар Улс ЕХ-нд элссэнтэй холбогдуулан энэхүү комиссыг Эдийн засгийн хамтын ажиллагааны Хамтарсан комисс болгон өөрчилж, I, III хуралдааныг 2005,  2010 онд Улаанбаатарт, II, IV хуралдааныг 2007, 2013 онд Будапештэд тус тус хийсэн ба V хуралдааныг Улаанбаатар хотноо 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулав.

Комиссын V хуралдааны үеэр Биокомбинат ТӨҮГ-ын шинэчлэлд зориулан 25 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгох тухай Унгар Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Ерөнхий хэлэлцээр, хоёр орны Гаалийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээр, Монгол Улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар болон Унгарын Уул, уурхай, геологийн алба хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг, Монгол Улсын Ашигт малтмалын газар, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит Геофизикийн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг зэрэг баримт бичигт гарын үсэг зурсан.Биокомбинатын шинэчлэлийн унгарын талын гүйцэтгэгчийг 2011 онд шалгаруулсан боловч унгарын компани гүйцэтгэлийн баталгаагаа хугацаанд нь ирүүлээгүйн улмаас тендэр хүчингүй болсон. Манай тал уг хэлэлцээрийг шинэчлэн байгуулах ингэхдээ зээлийн хэмжээг өсгөн шинээр малын эм бэлдмэлийн үйлвэр байгуулах талаарх саналаа унгарын талд тавиад, хоёр тал энэ асуудлаар зарчмын тохиролцоонд хүрээгүй байна.

ЗГХХК-ын Монголын хэсгийг 2005 оноос Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд Д.Дорлигжав, У.Хүрэлсүх, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Чинзориг, Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын сайд Х.Баттулга, Ц.Дашдорж нар тус тус тэргүүлж байгаад 2012 оны 10 дугаар сараас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун тэргүүлэх болсон. Унгарын хэсгийг 1996 оноос  Унгар Улсын ЗГХЭГ-ын Төрийн нарийн бичгийн дарга Гильян Дьөрдь /өмнө нь Эдийн засаг, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан/, Дорно зүгийн орнуудтай Эдийн Засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Ерөнхий сайдын Бүрэн эрхт төлөөлөгч Вереш Янош,  Үндэсний Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бечеи Жолт, хатагтай Надь Роза, Сатмари Криштоф  нар тус тус тэргүүлж байгаад 2013 оноос Гадаад эдийн засаг, гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Сияяарто Петер тэргүүлэх болсон. Гильян Дьөрдь-ийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Алтан гадас” одонгоор 2005 онд шагнасан.

Унгарын Засгийн газар Монгол Улсад Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, 2003 оны сүүлчээр Токиод болсон хандивлагчдын чуулга  уулзалтад  төлөөлөгчөө  оролцуулсан. Унгарын тал 2004-2007 онд нийт 300 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Үүнд: 2004 онд нэг монгол оюутны зардлыг хариуцан Унгарт сургах, 2005 онд нэмж нэг монгол оюутныг  Унгарт сургах, ахуйн хэрэглээний усны тоолуур нийлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон  хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр туршлага судлах, 2006-2007 онд гамшгаас хамгаалах салбарын галын лабораторыг шинэчлэх  I, II шатны төслүүд /135 мянган евро/, 2007 онд хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Унгарт туршлага судлах, Хар ус нуурын дархан цаазтай газар байгуулах /28500 ам.долл./, Дарханы Агрохимийн хөрсний шинжлэлийн лабораторыг шинэчлэх /12500 ам.долл./, Усны мастер төлөвлөгөөг шинэчлэх /12500 ам.долл./ чиглэлээр Унгарт мэргэжилтэн хүлээн авах  төслүүдийг хэрэгжүүлсэн. Унгарын тал Хэрлэн голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл”-д 82 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр шийвэрлэсэн ба энэ асуудлаар хоёр тал яриа хэлэлцээ явуулж байна. Унгарын тал 2013 онд манай гаалийн ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан. Сүүлийн үед эдийн засгийн хямралын байдлаас шалтгаалан ХАЁТ-ийн хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй хумигдах төлөвтэй байна.