Нийгэм, Боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа

Монгол, Унгарын соёл, шинжлэх ухааны харилцаа 1953 оноос эхэлж, 1957 онд хамтын ажиллагааны анхны хэлэлцээр байгуулагджээ. Уг хэлэлцээрийг 1974, 1987, 1996 онд тус тус шинэчилсэн. 1991 оноос "Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах яам хоорондын төлөвлөгөө"-г хоёр жил тутам шинэчлэн байгуулж, энэ салбарын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байна. Энэхүү  төлөвлөгөөний  дагуу унгарын тал жил бүр өөрийн зардлаар 2, тэтгэлэггүй нөхцлөөр 3 оюутан хүлээн авч, Унгарт их, дээд сургууль дүүргэсэн 2 хүнийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлж байгаа бөгөөд манай нэг багш Будапештийн Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байна. 2013 оны 9 дүгээр сард Будапешт хотноо байгуулсан Яам хооронд 2014-2016 онд хамтран ажиллах тухай санамж бичгийн дагуу 2014 оны хичээлийн жилээс эхлэн унгарын тал манай 15 оюутанд унгар, англи хэл дээр суралцах тэтгэлэг олгон сургаж байгаа бөгөөд 2014 онд Унгарын Засгийн газрын тэтгэлэгээр 100 монгол оюутан Унгар Улсад суралцуулах тухай хоёр улсын засгийн газар гэрээ байгуулсан. Энэхүү тэтгэлэгийн хүрээнд 2015 онд 84 оюутан хамрагдаад байна. Монголын тал монгол хэл сурч буй 4 унгар оюутан, 4 мэргэжил дээшлүүлэгчийг Монголд тус бүр 6 сарын хугацаагаар хүлээн авч байна.

1957 оноос монгол оюутнууд Унгарт суралцаж, манай 250 гаруй иргэн их, дээд сургууль, 190 иргэн техник мэргэжлийн сургууль /ТМС/ төгссөн.

Хоёр орны ШУА-иуд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хөгжиж байна. 1975 оноос эхлэн монголчууд Унгарт аспирантурт суралцах болсноор манай 20 гаруй хүн эрдмийн зэрэг хамгаалжээ. ШУА-удын хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Монголын үлэг гүрвэлийн олдворын үзэсгэлэнг Унгар Улсад 1991 онд анх удаа гаргаж, 6 сар ажиллуулсан бөгөөд монголч эрдэмтэн, монгол хэл сурч буй унгар оюутнуудыг жил бүр Монголд дадлага хийлгэх, судалгааны экспедиц илгээх, эрдэмтэд хоёр орны их, дээд сургуулиудад харилцан лекц унших, соёлын өдөрлөг, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээнүүд үндсэндээ тогтмолжсон. Унгарын  монголч  эрдэмтэн Кара Дьөрдь 1992 онд Монгол судлалын олон улсын холбооны гишүүнээр сонгогдсон бөгөөд Монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүнийг Алтан гадас одонгоор, 2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан. Мөн 2010 онд монгол судлаач Бирталан Агнеш, Силадьи Жолт нарыг Найрамдал медалиар шагнасан. Унгарын Будапешт хотын Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн Их сургуульд Төв Ази судлалын тэнхим ажилладаг бөгөөд энд монгол судлалаар оюутан сургадаг ба Унгарын монголч эрдэмтдийн хөдөлмөрийн дүнд монголын түүх, хэл, уран зохиол, соёл, зан заншлын талаар олон бүтээл хэвлэгдсэн.

Унгарын үндэсний музей “Чингис хаан, түүний өв” үзэсгэлэнг Будапешт хотын Үндэсний музейд 2007 оны 5-9 дүгээр сард  арилжааны нөхцөлөөр гаргасан бөгөөд уг үзэсгэлэнг 100 мянга гаруй хүн үзэж сонирхсон.

2008 онд ЭСЯ, Унгарын ШУА, Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимтэй хамтран “Европ дахь Монгол судлал” эрдэм шинжилгээний хурал, 2011 онд “Монголын эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, 2010 онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Монгол-Унгарын соёл, шинжлэх ухааны салбарын харилцаа 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, 2013 оны 7 дугаар сард Монгол судлалын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг Будапешт хотноо тус тус зохион байгуулсан. Монголын тал Төв Ази судлалын тэнхимийн дэргэд монголын талын санхүүжилтээр Монгол судлалын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр унгарын талтай яриа хэлэлцээ хийж байгаа ба Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нээлтийг нь хийхээр төлөвлөж байна.

Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар 1972 онд байгуулагдсан  Засгийн  газар   хоорондын   хэлэлцээрийг   цуцлах асуудлыг унгарын талаас тавьж ирсэн. 2005 онд   “Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай” яам хоорондын хэлэлцээр байгуулсан ба 2009 онд ЭМЯ хооронд хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулан, ажиллаж байна.

Унгарын талын албан ёсны мэдээгээр 859 монгол иргэн Унгарт ажиллаж, сурч, оршин сууж байна. Тэдний 250 нь бизнес, хөдөлмөр эрхлэх эрхтэй ажиллаж байгаа бөгөөд 152 нь “сурах” оршин суух зөвшөөрөлтэй оюутан, 158 нь 18 хүртэлх насны хүүхэд байна. Одоогийн байдлаар унгарын талын зардлаар 125 монгол оюутан сурч байна.

Монгол Улс, Унгар Улсын хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг 2011 оны 6 дугаар сард Будапешт хотноо байгуулж, 2012 оны 6 дугаар сараас хүчин төгөлдөр болсон. Ийнхүү олон жил яригдаж байсан хэлэлцээр байгуулагдсан нь Унгарт хувийн хөдөлмөрийн гэрээний дагуу олон жил ажиллаж буй монгол иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал зохих ёсоор шийдэгдэх нөхцөл бүрдэв.

Унгарын тал 1991 онд Налайхын уурхайд гарсан ослын хохирлыг арилгахад 600,0 мянган форинт, 1993 оны зудын үеэр 2,0 сая форинт, 1996 онд гал түймрийн аюулд нэрвэгдэгсэдэд зориулж 1,5 сая форинтын эм, эмнэлгийн хэрэгсэл, 2000-2001 оны зудын үеэр Унгарын Засгийн газар 1,0 сая форинт, Баптист сүмээс 20,0 мянган ам, долларын эмийн тусламж, Унгарын Улаан загалмай нийгэмлэг 2009 онд Монголын баруун аймгуудын зуданд нэрвэгдэгсдэд зориулан 3,2 сая форинтын эм, тарианы тусламж,  2010 онд 5000 ам.доллар тус тус өгсөн болно.

Унгар Улсад Унгар-Монголын найрамдлын нийгэмлэг, Унгарт амьдардаг Монголчуудын холбоо, Монгол Улсад Монгол-Унгарын найрамдлын нийгэмлэг, Унгарт төгсөгчдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагууд тус тус үйл ажиллагаа явуулж байна.

2006-2011 онд иргэн Ч.Ганхуяг, 2012 оны 5 дугаар сараас иргэн Ч.Гантулга Монгол Улсад суух Унгар Улсын Өргөмжит консулаар ажиллаж байна. Ч.Гантулгыг БНУУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн БНУУ-ын ерөнхийлөгч Адер Яношийн зарлигаар “Хөлөг баатар” буюу “Lovagkereszt” одонгоор 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шагнасан байна.

2006 онд хаагдсан Улаанбаатар дэх Унгарын ЭСЯ-ыг 2015 оны тавдугаар сард албан ёсоор дахин нээсэн түүхэн үйл явдал боллоо. Унгар Улсын Ерөнхийлөгч Адэр Яношийн 2015 оны дөрөвдүгээр сард манай улсад хийсэн айчлалын үеэр 2 тал 2015-2017 оны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр 100 оюутан Унгар Улсад суралцахаар болж одоо хүүхдүүд маань ирээд байна. Унгар Улсын Ерөнхий сайд Орбан Виктор Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр энэ тоог 200 болгож нэмэгдүүлэхээр шийдвэрллээ.

Европын орнууд дундаас Монголын тухай хамгийн их судалсан улсын тэргүүн эгнээнд Унгарын эрдэмтдийн бүтээл туурвил ордог. Монгол Улс Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Унгарын нэрт монголч эрдэмтэн Кара Дьёрдийн мэндэлсний 80 насны ойд зориулж Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Унгар дахь Монголын ЭСЯ, Өтвөш Лорондын нэрэмжит их сургуулийн Монгол, төв ази судлалын тэнхим, тус тэнхимийн дэргэдэх “Монгол судлалын төв” хамтран зохион байгуулсан.