ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Сайн байцгаана уу?
Та бүгдийн амрыг эрэн мэндчилье.

Монгол Улс Бүгд Найрамдах Унгар Улстай 1950 онд элчийн түвшинд дипломат харилцаа тогтоож, 1957 онд харилцан Элчин Сайдын Яамдаа нээжээ. Энэ үеэс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж, ялангуяа сүүлийн жилүүдэд боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарт эрчимжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 10 сард Унгар Улсад ажлын айлчлал хийж Унгар Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай өргөтгөсөн уулзалт, хэлэлцээр хийсэн. Монгол Улс Унгар Улстай дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ой онцлог үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө.

Тухайлбал 2006 онд хаагдсан Улаанбаатар дэх Унгарын ЭСЯ-ыг 2015 оны тавдугаар сард албан ёсоор дахин нээсэн түүхэн үйл явдал боллоо. Унгар Улсын Ерөнхийлөгч Адэр Яношийн 2015 оны дөрөвдүгээр сард манай улсад хийсэн айчлалын үеэр 2 тал 2015-2017 оны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр 100 оюутан Унгар Улсад суралцахаар болж одоо хүүхдүүд маань ирээд байна. Унгар Улсын Ерөнхий сайд Орбан Виктор Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр энэ тоог 200 болгож нэмэгдүүлэхээр шийдвэрллээ.

Европын орнууд дундаас Монголын тухай хамгийн их судалсан улсын тэргүүн эгнээнд Унгарын эрдэмтдийн бүтээл туурвил ордог. Монгол Улс Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Унгарын нэрт монголч эрдэмтэн Кара Дьёрдийн мэндэлсний 80 насны ойд зориулж Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Унгар дахь Монголын ЭСЯ, Өтвөш Лорондын нэрэмжит их сургуулийн Монгол, төв ази судлалын тэнхим, тус тэнхимийн дэргэдэх “Монгол судлалын төв” хамтран зохион байгуулсан.

Монгол Улс Унгар Улсын олон улсын хамтын ажиллагааны онцлог түншүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд Монголын мэргэжилтнүүдийг Будапешт хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, түүнчлэн усны аж ахуйн хөтөлбөр боловсруулах зэрэг Монгол орны хөгжлийн асуудалтай холбоотой 15 төслийг хэрэгжүүлээд байна.

Унгар Улс малын эрүүл мэнд, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн асуудал дээр арвин туршлагатай. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд Биокомбинатыг шинэчлэхэд Унгарын Засгийн газраас 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн шугам нээсэн. Одоогоор энэ асуудал яриа хэлэлцээрийн түвшинд явагдаж байна.

Унгар Улсын мэргэжилтнүүд Монгол орны усны нөөцийн салбарт хийж бүтээсэн ажил нь 20-р зууны Монголын шинжлэх ухааны түүхийн нэгэн том хуудас болсон төдийгүй одоо ч манай орны хөгжлийн тодорхой нэгэн том хүчин зүйл болдог юм. Цаашид уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалал, усны нөөцийн нэгдсэн менежментийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагааны нэн чухал чиглэл бол Унгар Улсад сурч, ажиллаж буй Монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжин туслах, тэдэнд хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэх явдал юм. Энэхүү зорилтын хүрээнд тус Элчин сайдын яам иргэд Та бүхэндээ үзүүлэх үйлчилгээг улам түргэн шуурхай болгох, мэдээ мэдээллийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор өөрийн цахим хуудсыг шинэчлэн аль болох дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсандаа багтаан ажиллахыг зорьж байна.

Манай яамны цахим хуудсаар зочилсон эрхэм Танд талархахын ялдамд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД З.БАТБАЯР